ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БУГАТ СУМ АЛБАН ЁСНЫ ВЭБ САЙТ
ЗАРЛАЛ
Сумын сайтаар зочилж байгаа та бүхэнд баяраллаа
Домог, Хууч яриа 2 –Үнэгэн Лоовуузны домог

Домог, Хууч яриа 2 –Үнэгэн Лоовуузны домог Бараг 30-аад жилийн өмнө Б. Бааст гуайн нэгэн номноос доорхи домог хууч яриаг уншиж байсан юм аа. Даанч номныхоо нэрийг санадаггүй ээ. Дээр үед ээжтэйгээ амьдардаг залуу баян айлд зарцлагдангаа адуу малтай ноцолдож хэр баргийн хүнийг дагуулахааргүй адуунд эрэмгий нэгэн болжээ. Тэр баяных ганц охинтой бөгөөд адуучин залуутай хайр сэтгэлийн холбоотой болж хагацаж салахааргүй болж байх үест баяныхан охиноо залгаа хошууны хөгшин ноёнд богтолж өгөхөөр болоход, адуучин залуугаасаа хөл хүнд болсон бүсгүй эцэг эхээсээ уйлан хайлан гуйсан боловч бүсгүйн гуйлтыг үл тоон хадамд гаргахаар болж гэнэ ээ. Бүсгүй учир байдлаа хайртай залуудаа хэлж цаашид хэрхэх тухайгаа ярилцаад оргохоор болцгоожээ. Бүсгүйг эцэг эхийнхээ үгэнд орсон байдалтай гэр зуураа байх хооронд залуу маань оргох бэтгэлээ ханган, сэлгэж унах сайн морь дулаан хувцас бэлтгэж эхэлжээ. Залуу учир байдлаа ээждээ хэлж дээл, малгай оёулж гэнэ. Хөөрхий хөгшин эх нь ихэд сандарч хүүдээ, хайртай бүсгүйд нь, ирээдүйд мэндлэх бяцхан үрд нь маш ихээр санаа зовж хүүгийнхээ авчирч өгсөн гал улаан үнэгний арьсаар бүсгүйд битүү үнэгэн малгай хийж, бэлдэж тавьжээ. Өвлийн сард тэд ч оргож, залуу хөл хүнд бүсгүйгээ дааруулчихвий гэхдээ үстэй дээл, битүү үнэгэн малгай өмсгөж эхэн үедээ амрах ч завгүй  хурдлан давхисаар байжээ. Давхих тусам улам хөлрөөд, хөлсөө сэвчихвий гэж улам битүүлээд, хаяа нэг бууж амрахдаа ч толгойноосоо салхи авчих нь гээд бүчийг нь ч тайлсангүй. Ингээд хэд хоног явсны эцэст бүсгүй толгойн маш ихээр өвдөж, халуурч цааш явахын аргагүй болж зам зуур ганц гэрээрээ байсан эмгэнийд бууж учир байдлаа хэлсэнд тэднийг гэртээ оруулаад үстэй дээл, битүү үнэгэн малгайтай ам хамраа битүүлж боосон бүсгүйг хараад хүүхдүүд минь яаж байгаа нь энэ вэ битүү үнэгэн малгай чинь маш халуун тархи толгойдоо ямарч салхи оруулахгүй болохоор тархи толгой битүүрч сүйд болдог юм гээд өөрт байгаа хатаасан мөөг, ангийн жаахан махаараа бүсгүйд шөл хийж өгчээ. Үүнээс хойш үнэгэн малгайны оройн хэсгийг нь задгай хийдэг болсон юм гэнэ лээ. 
 

Мэдээ оруулсан: 2016-02-20 14:33:49