ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БУГАТ СУМ АЛБАН ЁСНЫ ВЭБ САЙТ
ЗАРЛАЛ
Сумын сайтаар зочилж байгаа та бүхэнд баяраллаа
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 90 жилийн ойгоо тэмдэглэнэ
2014-01-25 13:40:00
 

Монгол улсад 1924 онд анх үүсч байгуулагдсан эмэгтэйчүүдийн ууган байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбооны 90 жил энэ онд тохиож байгаа билээ. Тэд ойг тэмдэглэх ажлын хүрээнд эмэгтэйчүүдийн нийгмийн идэвхийг өрнүүлэх, манлайлагч эмэгтэйчүүдийг алдаршуулах, амьдралд хэрэгцээтэй сургалт, мэдээллийн ажлууд зохиохоор төлөвлөжээ.

 

Тиймээс Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхий зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 24-нд Төр, захиргааны үйлчилгээний “Элит” төвд боллоо. Хурлаар 2013 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж, 2014 оны зорилтоо тодорхойлон 90 жилийн ойгоо товлолоо. Хурлаараа тэд шинийн 15 буюу аравдугаар сарын 8-ны билэгт сайн өдөр 1000 эмэгтэйн чуулга уулзалт хийхээр боллоо.

 

Мөн ирэх зуны сургалт,тойрон аяллыг Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл зохион байгуулах санаачлага гаргалаа. Тус холбооныхон зуны сургалт,тойрон аялалыг 17 дахь жилдээ зохиох нь.

Түүнчлэн холбооны орон нутаг дахь гишүүн байгууллагууд 2013 онд төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ажилласнаас эмэгтэйчүүд, эхчүүдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн санал санаачилга, орон нутгийн хөгжилд иргэний нийгмийн зүгээс хийх хяналт үнэлгээний үр дүнд ихээхэн анхаарал хандуулсан байна.

 

Хурлын үеэр 2013 оны ажлын дүнгээр гишүүн байгууллагуудын ажлыг дүгнэж, манлайлагчдыг шагнаж урамшууллаа. Монголын эмэгтэйчүүдийн холбооны 2013 оны манлайлагчдаар Увс, Говь-Алтай, Баянхонгор аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлүүд болон Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин эмэгтэйчүүдийн холбоо, Сувилахуйн амьдрал төв, Казах эмэгтэйчүүдийн Арулар холбоо шалгарав.

 

Мэдээ оруулсан: 2016-02-20 21:42:24