ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ БУГАТ СУМ АЛБАН ЁСНЫ ВЭБ САЙТ
ЗАРЛАЛ
Сумын сайтаар зочилж байгаа та бүхэнд баяраллаа
БУГАТ СУМ

Бугат сум

Говь- Алтай аймгийн баруун талд Монгол улсын баруун хязгаар Монгол Алтайн нурууны салбар уул тал, говь хээр хосолсон нутагт оршдог. Баруун талаараа БНХАУ-тай 140 км, хойт талаараа Тонхил сумтай 120 км, зүүн  талаараа Төгрөг сумтай 60 км, урд талаараа Алтай сумтай 130 км газраар тус тус хил залгаж, Улаанбаатраас 1200 км алс оршдог. Сумын нутгийн дийлэнх  нь далайн төвшнөөс дээш 1500-3755 метр өндөрт оршино. Нийт 994710 га нутаг дэвсгэртэйн ихэнх хэсгийг өндөр шовх уулс, өргөн уудам говь хоолой, үзэсгэлэнт ухаа толгод, тал хээр эзэлдэг. Сумын хамгмийн өндөр уул нь далайн төвшнөөс 3755 метр өргөгдсөн Алаг хайрхан юм. Үүнээс гадна 2900 метр өргөгдсөн Улаан хайрхан, 2200 метр өргөгдсөн Хөвчийн нуруу зэрэг нутгийн ардын шүтэн биширч явдаг үзэсгэлэнт уул нуруу олон бий. Хамгийн нам дор газар нь Алаг нуурын говь бөгөөд далайн төвшнөөс 1000 метр өргөгдсөн байна. Баруун хойноос зүүн урагш ханаран тогтсон урт уул нурууд эзэлдэг.

ХӨРС УРГАМАЛ. ХААЯ-ны Атрын экспедицийн 1961 онд тодорхойлсноор сумын нутгийн ихэнх нь тал хээрийн хөнгөн механик бүтэцтэй 3 дугаар зэргийн элсэнцэр хөрснөөс бүтдэг ажээ. Хөвчийн нуруу, Алаг хайрхан зэрэг өндөрлөг газартаа уулын  хүрэн бор хөрстэй юм. Хөвч, Алаг хайрханы салаа, салбарын ар өвөр хөндийнүүдэд арц, эмгэлж, тавилга, бургас, улиас, харгана, тосон торлог, найтуур зэрэг  модлог ургамал, агь, хар бор цагаан шаваг, тэсэг ерхөг, хялгана, таана, хөмүүл, хазаар өвс зэрэг бутлаг болон нарийн өвс ургамал, говь хоолойдоо заг, шар мод, сухай, тоорой, зэгс, хулс бударгана баглуур, зээргэнэ зэрэг олон зүйлийн шимт ургамалтай. 

         Алаг хайрханы хярд, егүүшин, вансэмбэрүү, рээгомбо, царван , үүргэнэ, эмийн бамбай, дэгд зэрэг эмийн ургамал, Урт, Гаханч, Алаг нуур, Хонь ус, Гүн тамга, Тоодог орчмын нутгаар чихэр өвс, созон буюу гоёо, хуц өвс зэрэг үнэт өвс ургамал элбэгтэй.  

                                                                                                                        АН АМЬТАН.

Дэлхийд ховордсон ан амьтдын өлгий нутаг юм. Алаг хайрхан,  Хөвчийн нуруу, Цахир, Ширээ, Улаан хайрхан, Чанзав, Цагаан морьт, Бор хатавч зэрэг газраар аргаль, угалз, янгир, хар сүүлт элбэг байх бөгөөд Алаг хайрхан, Хөвч, Хөшөөтийн нуруу тарвага, зурмаар баян. Сумын ихэнх нутагт ирвэс, шилүүс, чоно, үнэг, туулай, хярс, мануул, суусар, нохой зээх, үмхий хүрэн зэрэг үслэг ан байхаас гадна Цахирын нуруу, Тамгын адаг, Бор хатавчийн ам бэлээр дэлхийд ховордсон дархан цаазтай хулан, тахь, хар сүүлт зээр нутагладаг.

УС ХАНГАМЖ. Сумын нутагт Алаг нуур, Сангийн далай, Дөрөлж, Хярын, Эхэн, Дунд, Адаг зэрэг тогтмол устай нуур 8, Биж, Цагаан гол, Тахилт, Богд, Гаханч, Нохонч,  Урт, Улиастай зэрэг 8-30 километрийн урттай тогтмол урсдаг гол 22 бий. Эдгээрээс хамгийн томоохон нь Бижийн гол, Цагаан гол хоёр юм.  Сумын хадлангийн гол нутаг нь Биж, Урт, Гаханч, Нохонч бөгөөд эндхийн га-аас авах ургацын хэмжээ их байдаг байна. Мөн 50 гаруй булаг шанд бий.

2016 ОНЫ СТАТИСТИК МЭДЭЭ: Засаг захиргааны нэгжийн хувьд 5 багтай сумын төвийн 1 баг хөдөө аж ахуйн 4 багтай. Нийт 2191 хүн амтай. 584 өрхтэй.  Биж баг 120 өрхтэй, Ферм баг 82 өрхтэй, Гаханч баг 131 өрхтэй, Сүж баг 133 өрхтэй, Баянгол баг 118 өрхтэй байна. Үүнээс малчин өрх- 257, мал бүхий өрх давхардсан тоогоор 480 өрх байна. 2016 оны жилийн эцсийн малын дүн НИЙТ 150948 толгой малтай. ҮҮНЭЭС АДУУ- 3604, ҮХЭР-1703, ТЭМЭЭ-1304, ХОНЬ- 48150, ЯМАА- 96232 ТОЛГОЙ МАЛ ТУС ТУС ТООЛОГДСОН БАЙНА.

Мэдээ оруулсан: 2016-03-29 16:04:44